ОНЛАЙН ХУДАЛДААНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
2026 оны 10 дугаар сарын 07-ны өдөр
Энэхүү үйлчилгээний нөхцөл нь цахим худалдааны платформд бараа, үйлчилгээг Хэрэглэгч худалдан авахтай холбоотой үүсэж буй харилцааг зохицуулна.
1.1. Үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
1.1.1. “Цахим худалдааны платформ” гэж бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг Хэрэглэгчдэд санал болгох, худалдан авалтыг цахимаар хийх үйлчилгээг бүрдүүлсэн www.nomin.mn веб хуудас болон “НОМИН” аппликэйшнийг хэлнэ;
1.1.2. “Хэрэглэгч” гэж Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, “Цахим худалдааны платформ”-г хэрэглэж буй иргэний эрх зүй бүрэн чадамжтай иргэн, хуулийн этгээдийг;
1.1.3. “Нийлүүлэгч” гэж Цахим худалдааны системд бараа нийлүүлж буй гуравдагч этгээдийг тус тус ойлгоно.
1.2. www.nomin.mn веб хуудас болон НОМИН аппликейшн нь Номин Хайпермаркет ХХК-ийн албан ёсны өмч бөгөөд тус вэб сайт, аппликейшний лого, нэр, загвар, контентыг хуулах, олшруулах, дуурайх, бусад хэлбэрээр ашиг олох зорилгоор хэрэглэхийг хориглоно.
1.3. Цахим худалдааны системийн оюуны өмчийн эрх зөрчигдсөн тохиолдолд холбогдох этгээдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
1.4. Цахим худалдааны системд худалдаалагдах бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний жижиглэнгийн үнэ, үнийн өөрчлөлт, Номингийн бүх сүлжээ дэлгүүрүүдэд нийтээр зарласан хямдрал урамшуулал зэрэг нь "Номин Холдинг" ХХК-д хамаарах худалдааны бизнесийн бусад сүлжээ дэлгүүрүүдтэй ижил байна.
1.5. Зөвхөн цахим худалдаагаар худалдаалагдах бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэл, урамшуулал, хямдралын мэдээллийг албан ёсны цахим хуудас, вэб хуудас, аппликейшнаар мэдэгдэнэ.
1.6. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн заалтууд нэмэлт, өөрчлөлт орох боломжтой бөгөөд нэмэлт, өөрчлөлт орсон үед компани цахим худалдааны системээр дамжуулан хэрэглэгчид мэдээлэл хүргэнэ.
2.1. Шинэ хэрэглэгч бүртгүүлэх: Цахим худалдааны платформын нэвтрэх хэсгийг сонгон “Бүртгүүлэх” хэсэгт хувийн мэдээллээ оруулж үргэлжлүүлэх товч дарснаар таны гар утсанд нэг удаагийн баталгаажуулах код ирэх бөгөөд баталгаажуулах кодыг оруулснаар таны бүртгэл үүсч та бонус картын хэрэглэгч болно. Шинэ хэрэглэгчээр бүртгүүлж нэвтэрсний дараа шинэ нууц үг зохиож өөрийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангана.
2.2. Бүртгэлтэй хэрэглэгч нэвтрэх: Цахим худалдааны системийн нэвтрэх хэсгийг сонгон “Нэвтрэх” хэсэгт бүртгэлтэй утасны дугаар эсвэл картын дугаараа оруулан нууц үгээ оруулснаар таны бүртгэлтэй гар утсанд нэг удаагийн баталгаажуулах код ирэх бөгөөд баталгаажуулах кодыг оруулснаар нэвтэрнэ.
2.3. Upoint картын бүртгэлтэй хэрэглэгч Upoint-оор нэвтрэх хэсгийг сонгон өөрийн мэдээллээ оруулан нэвтэрнэ.
2.4. Хэрэглэгч “Зочин хэрэглэгчээр” нэвтэрч цахим худалдааны платформоор худалдан авалт хийх, үйлчилгээ авах боломжтой бөгөөд энэ тохиолдолд Номин лояалти бонус оноог ашиглах боломжгүй.
2.5. Хэрэглэгч үйлчилгээний нөхцөлийг сайтар уншиж танилцсан байх үүрэгтэй бөгөөд танилцаагүйгээс үүдэн гарах аливаа асуудлыг хэрэглэгч өөрөө хариуцна.
2.5.1. Бүртгэл үүсгэж буй Хэрэглэгчийг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай эсэхийг шалгах боломжгүй тул Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөн үйлдэл хийснээр түүнийг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай гэж үзнэ.
2.5.2. Иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй этгээд дээр бүртгэл үүсгэх тохиолдолд өөрийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс урьдчилан зөвшөөрөл авах үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүйгээс үүдэн гарах аливаа хохирол, гэм хорын нөлөөг компани хариуцахгүй.
2.5.3. Зарим төрлийн бараа бүтээгдэхүүнийг захиалан худалдан авах насны доод хязгаар нь холбогдох хууль тогтоомжийн дагуу 18 эсхүл 21 нас байна. Хэрэглэгч нь Үйлчилгээний нөхцөл болон тухайн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах насанд хүрсэн болохоо илэрхийлсэн асуумжийг зөвшөөрөх үйлдлээр баталгаажуулсны үндсэн дээр уг бараа, бүтээгдэхүүнийг захиалан авна.
2.5.4. Хэрэглэгчийг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай эсэх, мөн тухайн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах насны доод хязгаарт хүрсэн эсэхийг компани шалгах боломжгүй тул Хэрэглэгчийн хийсэн зөвшөөрөх үйлдлийн үндсэн дээр түүнийг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, тухайн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах насны доод хязгаарт хүрсэн этгээд гэж үзнэ. Тухайн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах насны доод хязгаарт хүрээгүй хэрэглэгч захиалга хийснээс үүдэн гарах аливаа хохирол, гэм хорын нөлөөг компани хариуцахгүй.
2.6. Хэрэглэгч өөрийн сонгосон бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэл, зураг болон санамжтай сайтар танилцаж худалдан авалт хийнэ.
2.7. Цахим худалдааны системд байршуулсан санамжийн дагуу үйлдэл хийгээгүйгээс үүссэн аливаа хүндрэлийг хэрэглэгч өөрөө хариуцна.
2.8. Хэрэглэгч ”НОМИН лояалти хөтөлбөр”-ийн хэрэглэгчийн гэрээнд заасны дагуу үүрэг хүлээж, эрхээ эдлэх эрхтэй.
2.9. Хэрэглэгч үйлчилгээ авахтай холбоотой мэдээллээ үнэн зөв оруулах үүрэгтэй. Хэрэглэгч нь өөрийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд бүрэн хариуцлага хүлээнэ.
2.10. Хэрэглэгч өөрийн хувийн мэдээлэл, нэвтрэх нууц үг болон бусад хувийн нууцад хамаарах мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах, бусдад задруулахгүй байх үүрэгтэй.
2.11. Бонус карт ашиглан худалдан авалт хийсэн тохиолдолд үүсэх НӨАТ-ын зөрүүг хэрэглэгч энэхүү гэрээгээр хүлээн зөвшөөрсөнд тооцно.
2.12. Бусад бонус карттай холбоотой асуудлыг НОМИН Картын төвийн үйл ажиллагааны журам болон ”НОМИН лояалти хөтөлбөр”-ийн хэрэглэгчийн гэрээний дагуу шийдвэрлэнэ. “Лояалти хөтөлбөр” цэснээс танилцана уу.
3.1. Цахим худалдааны систем нь 24 цагийн үйл ажиллагаатай бөгөөд хэрэглэгч хүссэн цагтаа, хэдэн ч удаа захиалга хийж болно.
3.2. Захиалгын нийт төлбөр нь бараа бүтээгдэхүүний үнэ, урамшуулал, хямдрал, хөнгөлөлт хассан дүн болон хүргэлтийн хаягаас хамаарсан хүргэлтийн төлбөрийн нийлбэр дүн байна.
3.3. Захиалгын төлбөрийг бүрэн төлснөөр захиалга баталгаажна.
3.4. Хэрэглэгч захиалгын төлбөрийг цахим худалдааны системд нэвтэрсэн төлбөрийн хэрэгслээс аль нэгийг сонгон төлнө.
3.4.1. Сонгосон төлбөрийн хэрэгслийн үйлчилгээний нөхцөл, гүйлгээний дүнгээс хамаарч төлбөр баталгаажих хугацаа өөр өөр байна.
3.4.2. Банкны дансаар Банк хооронд 5 сая төгрөгөөс дээш гүйлгээг ажлын өдөр 16 цагаас хойш эсвэл амралтын өдөр хийсэн тохиолдолд дараагийн ажлын өдөр 11 цагаас хойш баталгаажна.
3.5. Захиалга дээр нэмэлт төлбөр үүссэн тохиолдолд төлбөрийг компаны албан ёсны данс руу гүйлгээний утган дээр захиалгын 10 оронтой дугаарыг үнэн, зөв бичиж шилжүүлнэ.
3.6. Гүйлгээний үнийн дүн зөрүүтэйн улмаас төлбөр баталгаажаагүй тохиолдолд хэрэглэгч шинээр захиалга үүсгэн тухайн гүйлгээний дүнг төлбөртөө тооцуулах боломжтой.
3.7. Хэрэглэгчийн төлбөр төлөгдөөгүй үүсгэсэн захиалгын мэдээлэл 48 цагийн хугацаанд төлбөр төлөх боломжтой байна.
3.7.1. 48 цагийн дотор төлбөр төлөөгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдана.
3.7.2. Захиалгад ашигласан бонус, юпойнт оноо нь захиалга цуцлагдах үед хэрэглэгчийн бонус картанд буцаж орно.
3.8. НӨАТ-н баримт, бонус оноо, урамшууллын оноо захиалга амжилттай хүргэгдсэний дараа ажлын 72 цаг дотор орно.
3.8.1. Бараа бүтээгдэхүүний үнэ нь НӨАТ орсон жижиглэнгийн болон бөөний үнэ болно.
3.8.2. НӨАТ-н баримтыг хэрэглэгчийн бүртгүүлсэн и-мэйл хаяг, утасны дугаар руу илгээнэ.
3.8.3. Хэрэглэгчийн захиалгын дүнд нэмэгдэх картын хувиас хамаарсан оноо нь НӨАТ баримт илгээгдэх үед захиалгад ашигласан бонус картад орно.
3.8.4. Дээрх нөхцөлүүд нь хувь хүн болон байгууллагын НӨАТ-н баримтад хамааралтай болно.
3.9. Захиалга цуцлах эсвэл барааг орлуулахаас үүдэн гарч буй мөнгөн зөрүүний буцаалтыг НӨАТ-н баримт илгээснээс хойш ажлын 72 цагийн дотор шилжүүлнэ.
3.9.1. Мөнгөн буцаалтыг хэрэглэгчийн бүртгэлтэй дансны дугаар руу шилжүүлнэ. Хэрэглэгчийн бүртгэлтэй данс гэж хэрэглэгч өөрийн бүртгэлээр нэвтэрч “Хэрэглэгч” цэсний “Буцаалтын данс” хэсэгт бүртгүүлсэн дансны дугаарыг хэлнэ.
3.9.2. Купоны буцаалтыг Бүртгэлтэй хэрэглэгч бол миний купон хэсэгт, Зочин хэрэглэгч бол захиалга дээрх бүртгэлтэй дугаар руу купон кодыг мессежээр илгээнэ.
3.9.3. Хуваан төлөлтийн төлбөрийн хэрэгсэл (storepay, omni, simple, pocket гэх мэт) буюу зээлийн нөхцөлтэй үйлчилгээг ашиглан хийсэн захиалгын буцаалтын дүнг төлсөн төлбөрийн хэрэгслийн үйлчилгээний нөхцлийн дагуу хийнэ.
3.9.4. Ашигласан бонус оноо хэрэглэгчийн бонус карт, юпойнт картанд буцаж орно.
3.9.5. Зочин хэрэглэгч овог, нэр, регистрийн дугаар, буцаалтын мөнгө хүлээн авах дансны дугаар, банкны нэрийг хэрэглэгчтэй харилцах төвөөр дамжуулан мэдэгдэнэ. Дансны мэдээлэл буруу өгсөн эсвэл өгөөгүйгээс үүдэн гарах аливаа хохиролыг компани хариуцахгүй.
3.10. Хэрэглэгч төлбөрийг зээл, хуваан төлөх үйлчилгээ, дараа төлбөрт, кредит үйлчилгээ (store pay, toki, omni г.м) гэх мэт санхүүгийн үйлчилгээ ашиглан төлсөн бөгөөд бараа бүтээгдэхүүнийг буцаах хүсэлт гаргасан бол компани нь тухайн санхүүгийн үйлчилгээг цуцлах, тухайн үйлчилгээг ашиглах үед хэрэглэгчийн төлсөн төлбөрийг түүнд буцаах асуудлыг санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай хамтран ажлын 5 хоногийн дотор шийдвэрлэнэ.
3.11. Хэрэглэгч төлбөр баталгаажуулах, захиалга цуцлахтай холбоотой мэдээлэл, асуудлыг nomin.mn веб хуудас, НОМИН аппликейшн, фейсбүүк хуудас, [email protected] цахим зурвас болон 1800-2888 шугамаар холбогдож мэдээлэл авах, тодруулах, шийдвэрлүүлнэ.
3.12. Бүх төрлийн бэлгийн картыг купон, зээл, хуваан төлөх үйлчилгээ, дараа төлбөрт, кредит үйлчилгээ (store pay, toki, omni г.м) гэх мэт санхүүгийн үйлчилгээ ашиглан төлөх боломжгүй байна. Зөвхөн бэлэн төлөлтөөр худалдан авна.
3.13. Бэлгийн картын худалдан авалтад бонус оноо нэмэгдэхгүй, хасагдахгүй.
4.1. Энгийн хүргэлт: Улаанбаатар хотын хүргэлтийн бүс доторх хүргэлт.
4.1.1. Хүргэлтийн хугацаа: Захиалга баталгаажсанаас хойш 48 цагийн дотор хүргэгдэнэ.
4.1.2. Хүргэлтийн төлбөр:
4.1.2.1. 199,000 төгрөгөөс дээш худалдан авалтын хүргэлтийн төлбөр үнэгүй.
4.1.2.2. 199,000 төгрөгөөс доош худалдан авалтын хүргэлтийн төлбөр 8,000₮ төгрөг.
4.1.2.3. Барааны овор хэмжээ, жин, хүргэлтийн хаягаас шалтгаалан нэмэлт төлбөр бодогдоно.
4.2. Экспресс хүргэлт: Улаанбаатар хотын хүргэлтийн бүс доторх хүргэлт.
4.2.1. Хаягын мэдээллийг оруулан сонгогдсон салбаруудаас бараа захиалга хийнэ. Бүх төрлийн тамхи, захиалах боломжгүй байна.
4.2.2. Хүргэлтийн хугацаа: Захиалга баталгаажсанаас хойш 4 цагийн дотор хүргэлт хийнэ.
4.2.3. Хүргэлтийн нөхцөл: Экспресс хүргэлтийн үйлчилгээгээр 0.03 м³ хүртэлх бараа худалдан авч хүргүүлэх боломжтой.
4.2.4. Хүргэлтийн төлбөр: Экспресс хүргэлтийн төлбөрийг хүргэлтийн хаягаас хамаарч систем автоматаар тооцоолон гаргана.
4.3. Шөнийн Express хүргэлт: Улаанбаатар хотын хүргэлтийн бүс доторх хүргэлт.
4.3.1. Сонгосон хаягтай хамгийн ойр салбарын бараанаас сонгон захиалга хийх боломжтой байна. Бүх төрлийн тамхи; 38°-с дээш хатуулгатай согтууруулах ундаа захиалах боломжгүй байна.
4.3.2. Хүргэлтийн хугацаа: Захиалга баталгаажсанаас хойш 2 цагийн дотор хүргэлт хийнэ.
4.3.3. Хүргэлтийн нөхцөл: Шөнийн хүргэлтийн үйлчилгээгээр 0.03 м³ хүртэлх бараа худалдан авч хүргүүлэх боломжтой.
4.3.4. Хүргэлтийн төлбөр: Шөнийн хүргэлтийн төлбөрийг хүргэлтийн хаягаас хамаарч систем автоматаар тооцоолон гаргана.
4.3.5. Захиалга авах хугацаа: 20:00-06:00 цагийн хооронд захиалга хийх боломжтой байна. Бусад цагаар тухайн үйлчилгээг авах боломжгүй байна.
4.4. Орон нутгийн захиалга: Хэрэглэгчийн захиалгыг Орон нутгийн салбар дэлгүүрт хүргэж, хэрэглэгч салбараас захиалсан барааг хүргүүлж авах, эсвэл очиж авах хүргэлт.
4.4.1. Хүргэлтийн хугацаа: Захиалга баталгаажсанаас хойш 7-14 хоногийн дотор хүргэгдэнэ.
4.4.2. Хүргэлтийн төлбөр:
4.4.2.1. 199,000 төгрөгөөс дээш худалдан авалт хийсэн тохиолдолд хэрэглэгчийн хүсэлтээр хүлээн авах хаягт хамгийн ойр байрших НОМИН сүлжээ дэлгүүрийн салбар хүртэл хүргэх ба хүргэлт үнэгүй. Дээр заасан хязгаараас гадагш тээвэрлэлтийн хөлс болон үүсэх эрсдэлийг хэрэглэгч бүрэн хариуцна.
4.4.2.2. 199,000 төгрөгөөс доош худалдан авалт хийсэн тохиолдолд хэрэглэгчийн хүсэлтээр хүлээн авах хаягт хамгийн ойр байрших НОМИН сүлжээ дэлгүүрийн салбар хүртэл хүргэх ба хүргэлтийн төлбөр 8000 төгрөг байна. Дээр заасан хязгаараас гадагш тээвэрлэлтийн хөлс болон үүсэх эрсдэлийг хэрэглэгч бүрэн хариуцна.
4.4.2.3. Номин сүлжээ дэлгүүрийн салбар нээгдээгүй байршилд хүргэлт авах тохиолдолд хэрэглэгчийн хүсэлтээр тухайн орон нутаг руу тээврийн болон шуудангийн үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний байгууллагаар хүргүүлнэ. Үйлчилгээний хөлс болон үүсэх эрсдэлийг хэрэглэгч хариуцна.
4.5. Экспресс, Шөнийн Express хүргэлтийн төлбөрийн тооцоолол: Хүргэлтийн төлбөр нь суурь төлбөр, замын төлбөрийн нийлбэр байна. Замын төлбөр нь захиалга гарах цэгээс, хэрэглэгчийн хаяг хүртэлх зайг тооцоолно. Доорх хүснэгтийн дагуу төлбөрийг систем автоматаар бодно.
| Туулах зай | Суурь төлбөр | Замын төлбөр 1км |
|---|---|---|
| 0–3 км | 10,000₮ | 0₮ |
| 3.1–5 км | 3,000₮ | 2,500₮ |
| 5.1–10 км | 5,000₮ | 2,500₮ |
| 10.1–12 км | Замын төлбөр*30% | 2,500₮ |
| 12.1–30 км | Замын төлбөр*50% | 2,500₮ |
4.6. Улаанбаатар хот доторх хүргэлт хийх хязгаарууд
4.6.1. Баруун зүгт: НОМИН Агуулах Худалдаа 22-н товчоо салбар, Орбитын эцсийн буудал
4.6.2. Зүүн зүгт: Баянзүрхийн товчоо, Шар Хадны эцсийн буудал, хуучнаар Гачууртын цагдаагийн пост
4.6.3. Хойд зүгт: 7 буудал, Дамбадаржаа болон Баянхошууны эцсийн буудлууд
4.6.4. Урд зүгт: Зайсан толгойн ойр хавийн хороолол, Нисэх болон Яармаг
4.6.5. Бүсээс хэтэрсэн тохиолдолд 1 км тутамд 2,800 төгрөгөөр тооцон нэмэлт хүргэлтийн хөлсийг тухайн барааг хүлээн авах үйлчлүүлэгчээс авна.
4.7. Овор хэмжээ, жинтэй барааны нэмэлт төлбөрийн үнэ:
4.7.1. Худалдан авч буй бараа бүтээгдэхүүний 20 кг-аас дээш бол 1 кг тутамд 500 төгрөгний нэмэлт төлбөр тооцно.
4.7.2. Худалдан авч буй бараа 1 метр куб-ээс дээш бол 1 метр куб тутамд 19,500 төгрөгний нэмэлт төлбөр тооцно.
4.8. Хэрэглэгч барааг хүлээн авахдаа сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал, иж бүрдэл, ажиллагаа, чанар, өнгө үзэмж, хэв загвар, хэмжээг бүрэн шалгасны дараа захиалга хүлээн авна. Барааг хүлээн авснаар барааг хэрэглэгчийн мэдэлд бүрэн шилжсэнд тооцно.
5.1. Хэрэглэгчийн захиалсан бараа бүтээгдэхүүний үлдэгдэл байхгүй бол таны хүсэлтийн дагуу бараа бүтээгдэхүүнийг солиулах эсвэл төлсөн үнийн дүнг буцаан олгоно.
5.2. Хэрэглэгчийн худалдан авсан бараа сэтгэл ханамжид үл нийцвэл хэрэглэгч барааг буцаах эсвэл ижил төрлийн бараагаар солих боломжтой байна.
5.2.1. Хэрэглэгч захиалгын барааг хүлээн авсанаас хойш 24 цагийн дотор буцаах боломжтой.
5.2.2. Хэрэглэгч захиалгын барааг хүлээн авсанаас хойш 72 цагийн дотор ижил төрлийн бараагаар солиулах боломжтой.
5.2.3. Буцаалт болон солилтын барааг дэлгүүрт буцаах зардлыг хэрэглэгч бүрэн хариуцна.
5.3. Бараа бүтээгдэхүүн буцаах үед таны нэмэгдэж орсон бонус оноо мөн буцаагдах ба бонус оноо хүрэлцэхгүй тохиолдолд зөрүүг мөнгөн дүнгээр тооцон авна.
5.4. Мөнгөө буцаах баталгаа нь хувилж, олшруулах боломжтой бүтээгдэхүүн, гоёл чимэглэл, үнэт эдлэл, гоёлын хувцас, дотуур хувцсанд хамаарахгүй болно. Буцаах бараа нь хэрэглээгүй, гэмтээгээгүй, бохирдуулаагүй, сав баглаа боодлыг үрэгдүүлж гэмтээгээгүй, анх худалдан авах үеийн үзэмжийг алдагдуулаагүй, дагалдах иж бүрдэл нь бүрэн байх шаардлагатай.
5.5. Хэрэглэгчийн захиалсан бараа бүтээгдэхүүнээс хүлээн авсан барааны мэдээлэл зөрсөн тохиолдолд барааны буцаалтын зардлыг компани хариуцна.
5.6. Хэрэглэгчийн буруугаас үүдсэн захиалгын бараа бүтээгдэхүүний буцаалтын зардлыг хэрэглэгч бүрэн хариуцна.
6.1. Цахим худалдааны системийн аюулгүй байдлыг компани бүрэн хариуцна.
6.2. НОМИН бонус картын мэдээллийг НОМИН Картын төвийн үйл ажиллагааны журамд заасны дагуу хариуцна.
6.3. Хэрэглэгч энэхүү үйлчилгээний нөхцөлтэй танилцаж зөвшөөрснөөр компанид өөрийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах эрхийг олгосонд тооцно.
7.1. Хэрэглэгчийн үйл ажиллагааны талаарх санал хүсэлт болон гомдлыг nomin.mn веб хуудас, НОМИН аппликейшн, фейсбүүк хуудас, [email protected] цахим зурвас болон 1800-2888 шугамаар хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэнэ.
7.2. Хэрэглэгчийн захиалга баталгаажуулах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан үйлчилгээний нөхцөл нь захиалга хүлээж авах хүртэлх хугацаанд өөрчлөгдсөн тохиолдолд захиалга баталгаажуулах үеийн үйлчилгээний нөхцөлийг дагаж мөрдөнө.