Эдийн засаг нь зөвхөн үйлдвэрлэл, түүнтэй холбоотой мэргэжлийн хүмүүст л хамаатай төдий биш, харин ч хүн бүрийн амьдралд шаардагдах болсон эринд бид амьдарч байна. Саяхныг хүртэл инженер, барилгачин, эмч, багш, малчин зэрэг хүмүүс эдийн засгийн өсөлтийн хандлага, үйлдвэрлэлийн индекс, валютын ханш, инфляцын түвшин, үндэсний болон дотоодын нийт бүтээгдэхүүн зэргийг өөрсдийн сонирхох асуудал биш гэж бодож, тэгж ч хандаж ирсэн билээ. Харин зах зээлийн эдийн засагт Монгол улс шилжиж орсноор хувь хүний хөгжих өргөн боломж нээгдэн, хүн бүрийн гаргах шийдвэр хариуцлага дагуулдаг болж байна. Өөрөөр хэлбэл нийгэмд өрнөж байгаа аливаа үзэгдэлд, түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлст тооцоотой, шинжилгээтэй хандах шаардлагатай цаг үе ирж, эдийн засгийн мэдлэггүйгээр амжилтад хүрэхгүй гэдэг нь тодорхой боллоо. Иймээс "Соёмбо пресс" хэвлэлийн газраас гаргаж байгаа цуврал нэвтэрхий толийн нэг - ЭДИЙН ЗАСГИЙН НЭВТЭРХИЙ ТОЛЬ Та бүгдэд туслах болно. Энэхүү толийн агуулгын хүрээнд зохиогчид эдийн засгийн бүх үндсэн мэдлэг, эдийн засгийн хуулийн үйлчлэл, эдийн засгийн үзэгдлүүдийн мөн чанарыг тайлбарлахад түлхүү анхааран ажиллалаа. Тиймээс бидний бүтээл эрхэм уншигч Танд нийгэмд өрнөж байгаа үзэгдлийн эдийн засгийн шалтгаануудыг танин мэдэх, түүний сайн муу үр дүнг амьдрал ахуйдаа зохистой ашиглах зэрэгт туслах төдийгүй эдийн засгийн мэдлэгийг тань нэмэгдүүлэх болно. Түүнчлэн бизнес эрхлэхийг хүсэж байгаа, эрхэлж байгаа нэгэнд амжилтад хүрэхэд нь мөн дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна. Ийм зорилгыг ч зохиогчдын баг тавьсан болно.