Амазон компанийн үнэлгээ 2018 оны байдлаар 1 их наяд америк долларт хүрсэн ч (энэ үед дэлхийн өөр ямар ч компани ийм хэмжээнд хүрээгүй байв) Безос энэ агуу амжилтдаа ханалгүй, яг л орших эсэх нь өдөр хоногоор хэмжигдэж буй жижиг компани мэт хичээнгүйлэн корпорациа удирдсан юм. Амазон бол Амазон гэдгийг олон зүйлээс харж болно. Бүх зүйл нарийн учир шалтгаантай, юуг ч зөнгөөр нь орхиж, хөсөр хаяж болохгүй хэмээх соёл Амазонд ноёлдог байна.
Бизнес эрхлэгчид цаг үргэлж ухаалаг алхам хийхийг эрмэлздэг. Харин Безос их хэмжээний тоо баримт болон хиймэл оюун ухаан дээр тулгуурлан ажилладаг компани бүтээсэн юм. Хиймэл оюун ухааныг тойрсон маш олон чамин мэдээ, мэдээлэл байдаг ч, зарчмын хувьд Безос хэмээх энэ бизнес эрхлэгч дэлхийн түүхэнд хамгийн анх удаа дээд хэмжээнд хөгжсөн, хиймэл оюун ухаанд тулгуурласан бизнесийн загвар зохион бүтээж чаджээ. Өөрөө бие даан улам ухаалаг болж, улам өргөжин тэлдэг тийм бизнесийн загвар. Өөрөөр хэлбэл компанийн үйл ажиллагааг алгоритмууд л удирдан чиглүүлэх хандлага улам бүр өссөөр байна. Алгоритм нь өөрөө компани болж байна гэсэн үг.