Их сургуулийн гудамжаар гучин жил алхлаа. Эцсэнгүй. Эргэж хармаар. эвийлж хайрламаар энэ олон сайхан хүмүүсийн зарим нь эргэж буцсаар... үлдсэн зарим нь өвгөрч хөгширсөөр... Тэгэвч энэ цардмал зам, олон хөлийн газар нэгэн хором ч амсхийсэнгүй. Буцах шувуудын ганганаанд гуниг тээсэн намрын шар навчис хөл доор хөглөрөх цагаар явсан одсоноо нөхөх мэт өчнөөн олон шинэ шинэ хүмүүс, зүс үзсэн үзээгүй мянга мянган залуусын хөл хөдөлгөөн дахиад л энэ гудамжийг чимэглэнэ.
Тэдэн дунд мөнөөх л дараах онд ч юм уу, түүний дараахан ч юм уу энэ шуугиант гудамж, олны хөлд талхигдаж өнгөө алдсан цардмал замаа орхин одох буурал профессор, их эрдэмтдийн алхаа удааширсан яваа нь харагдана..