Дэврүүн бадруун бус, тогтуун тайван өрнөлтэй. Нас, мэдлэг боловсролын түвшин, үзэж туулсан амьдрал, бүр ой санамжийн хувьд ч өөр өөр гурван хүн. Гэхдээ хайрлал дотносол, хамтын ганцаардал, эргэцүүлэл эрэлхийлэл, чигч үнэнч чин сэтгэл дүрүүдийг маань хэрхэн нэгтгэж буйг та мөдхөн мэдэрнэ гэж найдна. Япон уран бүтээлчид цусан төрлийн холбоогүй хүмүүс нэгэн гэр бүл шиг амьдарч, бие биенээ хайрлан халамжилж буйг үзүүлэх нь элбэг. Үүний тод жишээ нь Хироказу Корээда найруулагчийн “Shoplifters” кино юм. Япон гэлтгүй, ихэнх улс орны нийгэмд бодгальч үзэл давамгайлж, чин сэтгэлийн гэхээсээ арилжаа тооцооны харилцаа ноёлох болсонд уран бүтээлчид бачууран байж өгүүлээ нь тэр биз. Төгс тоо ном нийгмийн асуудлаас ангид өрнөх мэт боловч бидний нийгэмд аажим бугших хэтийдсэн шунал, дарлал мөлжлөг, бодгальч үзлийн эсрэг туйл дахь цэнгэг сайхан баянбүрдэд уншигч таныг аваачих билээ.