Ойрхи Дорнодод аварга том Иран ба түүний дайсан Саудын Араб хоёр Персийн буланд сөргөлдөн зогсож байна. Номхон далайн өмнөдөд Австрали улс манай эриний хамгийн хүчирхэг хоёр гүрэн АНУ ба Хятадын хооронд хавчигджээ. Газар дундын тэнгист Герег, Турк хоёр тэмцэлдэж буй нь нэн эртний угшилтай авч маргааш хүчирхийллийн дөл асаж болзошгүй.
2020-оод онд тавтай морилно уу. АНУ, ЗХУ хоёр зонхилж байсан Хүйтэн дайны эрин үе холын дурсамж төдий болжээ. Бид олон оролцогчтой их гүрнүүдийн сөргөлдөөний шинэ эрин рүү орж буй ч хоёр дахь зэрэглэлийн тоглогч хүртэл гол байр суурийн төлөө тэмцэлдэх болов. Геополитикийн драм манай дэлхийн хүрээнээс хальсан бөгөөд учир нь улс гүрнүүд агаар мандал, сар ба түүнээс цааш эрхшээлээ тогтоохыг эрмэлзэж байна.
Хэдэн үеийн туршид тогтсон журам түр зуурын атлаа түгшүүртэй асуудалд хувирах нь энгийн үзэгдэл болов. Гэхдээ ийм зүйл урьд нь болж байсан, одоо болж байна, цаашдаа ч дахин дахин болно. Бид хэсэг хугацаанд “олон туйлт” ертөнц рүү тэмүүлж буй хэрэг. Дэлхийн II дайны дараа дэлхийд шинэ дэг журам тогтсон: нэг талаас Америк тэргүүтэй капиталист систем, нөгөө талаас үнэн хэрэгтээ Оросын эзэнт гүрэн ба Хятадын дохиогоор хөдөлдөг коммунист систем гэсэн хоёр туйлт ертөнц оршиж байв. Энэ байдал хил хязгаарыг хаагуур зааглахаас шалтгаалан 50-80 жил үргэлжилсэн билээ. 1990-ээд оноос хойш арван жилд зарим шинжээчийн нэрлэснээр “нэг туйлт” дэлхий ертөнц тогтож, Америкийн сүр хүчинд хэн ч эргэлзэхгүй байлаа. Одоо бид хүн төрөлхтний түүхийн ихэнх хэсэгт хэдийн байсан үзэгдэл – хэд хэдэн гүрний сөргөлдөөний эрин рүү буцан орж буй нь илэрхий байна.
Хэдийд эхэлснийг хэлэхэд амаргүй ч өөрчлөлтийг өдөөсөн тодорхой нэгэн үйл явдал болоогүй. Гэхдээ олон улсын улс төрийн бодлогын бүрхэг ертөнц арай ойлгомжтой болж, хүмүүс ямар нэг зүйлийг ажиглах цаг үе ирдэг. Миний хувьд 1999 оны зун Косовогийн нийслэл, балгас болсон Приштина хотод өнгөрөөсөн чийг даасан нэгэн шөнө тийм мэдрэмж төрсөн билээ. Югослав улс 1991 онд задарсан нь олон жилийн цус урсгасан дайнд хүргэсэн. Тухайн үед НАТО-ийн онгоцнууд Сербийн цэргүүдийг бөмбөгдөн хөөж, тус муж руу өмнө талаас нь орохоор хүлээж байлаа. Түүнчлэн Москва Сербийн үйл хэрэгт уламжлалт нөлөөгөө хадгалахын тулд Оросын цэргийн цуваа Боснигоос тийш хөдөлсөн гэх мэдээ нэг өдрийн дотор тархав.
Нэгэн арваны туршид ядуурч, итгэлээ алдаад урьдын өөрийнхөө сүүдэр төдий болсон Орос баавгай тоглоомын гадна үлдсэн юм. Тэд НАТО баруун хил рүү нь ойртож буй хийгээд тэдний дарангуйлсан үндэстнүүд НАТО ба Европын Холбоонд элсэх үүрэг хүлээсэн засгийн газруудыг сонгохыг зүрх даран ажиглав. Латин Америк болон Ойрхи Дорнодод тэдний нөлөө суларсаар байлаа. 1999 онд Москва Өрнөдийн орнуудад хандаж, “энэ хүртэл, үүнээс цааш үгүй” гэсэн шийдвэр гаргажээ. Косово элсэн дээрх зураас байсан юм. Ерөнхийлөгч Ельцин Оросын цэрэгт оролцох тушаал өгсөн байна. (Гэхдээ уг шийдвэрт ирээдүйн Ерөнхийлөгч, хатуу улстөрч Владимир Путин тодорхой үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг).