Ном Крейцерийн сонат
Үзүүлэлт
Дэлгэрэнгүй мэдээлэл
Хувь хүний аз жаргал, зовлон гуниг нь нийгмийн нөхцөл байдлаас хамаардаггүй гэж боддог хүн бүр алд дэлэм эндүүрч байгааг энд дурдах нь зүйтэй болов уу. Крейцерийн сонат анх 1889 онд хэвлэгдсэн даруйдаа Оросын ном хэвлэлийг хянах газрын цензурт өртөж байжээ. Крейцерийн сонат-ын хувьд галт тэргэнд суусан гурван зорчигч хайр дурлал, гэрлэлт, салалтын тухай эрчтэй яриа өрнүүлж, өөрт тохиолдсон явдлаа хүүрнэж байгаагаар үйл явдал эхэлнэ. Тэдний яриаг сонсох зорчигчид энэхүү туужийн хүүрнэгчээс гадна түгшсэн төрхтэй, царайлаг залуу эр Позднышев байх аж. Позднышев эхнэрээ бусадтай хардаж, амийг нь хөнөөгөөд ер удаагүй байгааг уншигч удалгүй олж мэднэ. Эхнэртээ араар тавиулсан эр нөхөр Позднышев нэр төрөө хамгаалж энэ хэргийг үйлдсэн гэж шүүгч үзсэн учир тэр энэ хэрэгтээ ямар нэг ял хүртээгүй байна. Шөнө болж зорчигчид галт тэрэгнээс буусны дараа Позднышев, эсрэг талын суудал дээр суусан энэ зохиолын нэргүй хүүрнэгч хоёр л үлдэж, Позднышев энэхүү хүүрнэгчид өөрийн түүхээ өгүүлнэ. Тэр гэрлэлтээс өмнөх замбараагүй амьдралаа, хуримаа хийсэн өдрөө, эхнэртэйгээ өнгөрүүлсэн хэрүүл уруул дүүрэн амьдралаа, эцэст нь түүнийг хэрхэн хөнөөснөө ярина. Галт тэргэнд болж буй үйл явдлын өгүүлэмжид багтаж, жаазалсан хүүрнэлийн нэг хэсэг болсон Позднышевын энэхүү яриа уг зохиолын гол агуулгыг бүрдүүлнэ.Хартай эрийн төөрөгдөл, шаналлыг Крейцерийн сонат шиг ийм өр өвдөм үнэмшилтэйгээр дүрсэлсэн зохиол ховор. Сэтгэлийн ийм мэдрэмжийг мэдэх аливаа уншигч Толстойн хүмүүний сэтгэл зүйг ямар нарийн, оновчтой дүрсэлснийг анзаарах төдийгүй энэ зохиол ч сэтгэлээс нь тийм амар гарахгүй буй за.