Дэйл Карнеги илтгэх урлагийн анхныхаа сургалтыг 1912 онд Нью-Йорк хотын 125 дугаар гудамжид ҮМСА-д ирсэн хүмүүст зааж байжээ. Тэр цагаас хойш илтгэх ур чадвар гэхээсээ илүү урлаг хэмээн үзэх болсон бөгөөд уран яруу илтгэгч нарыг бэлтгэхэд уг сургалт чиглэх болов. Өөрийгөө энгийн ойлгомжтой илэрхийлэх чадвар дутмаг бизнес эрхлэгчид уран яруу ярих, дуу хоолойныхоо өнгийг яаж өөрчлөх, дохио зангааг хэдийд хэрхэн хэрэглэх талаар тэр бүр мэддэггүй байв. Хүсэн хүлээсэн үр дүнг нь авчирдаг тул Дэйл Карнегийн илтгэх урлагийн сургалт дамжаа асар богино хугацаанд олны дунд тархаж чадсан юм. Уран яруу илтгэх урлаг бол онцгой авьяас чадвар шаарддаггүй, харин хүссэн хүн бүр эзэмших боломжтой гэж Дэйл Карнеги үздэг. Эдүгээ Дэйл Карнегийн сургалт дэлхийн өнцөг булан бүрд түгэн дэлгэрсэн бөгөөд тус сургалтыг дүүргэж, өөрсдийн ярих, уран яруу илтгэх чадвараа дээшлүүлж чадсан гурван сая таван зуун мянган төгсөгч үзэл баримтлалынх нь нотолгоо болдог. Сургалтдаа зориулан туурвисан “Хэрхэн богино хугацаанд үр дүнтэйгээр илтгэж сурах вэ?” хэмээх сурах бичиг нь тавин удаа хэвлэгдсэн бөгөөд дэлхийн хорин хэлээр орчуулагдаж, тухай бүрд нь шинээр нэмэн засварласаар иржээ. Жил бүр томоохон их сургуулиудын элсэлтийн шалгалтын үеэр уг номыг гарын авлага болгон ашигладаг. Энэ удаагийн хэвлэлийн засварыг нөхрийнхөө тэмдэглэл, бодол санаанд тулгуурлан хийлээ. Насан эцэслэхээсээ өмнө номондоо оноож өгөхөөр төлөвлөж байсан нэрийг нь энэ удаагийн хэвлэлд өгсөн. Уран илтгэл бол хэдэн үг холбож хэлэхээс илүү гүн утга агуулгатай, хувь хүний мөн чанарыг илэрхийлдэг гэсэн гол үзэл баримтлалыг нь тусгахыг хичээсэн. Амьдралын эгшин бүр, үйлдэл бүр нэг ёсны харилцаа боловч, бид ярьж, бодол санаагаа үгээр илэрхийлж чаддагаараа бусад адгуусан амьтдаас ялгардаг. Зөвхөн хүн төрөлхтөнд л ийм чадвар заяасан. Бид үг яриагаараа өөрийн бодол санааг илэрхийлж чаддаг. Бодож сэтгэсэн зүйлээ ойлгомжтой илэрхийлж чадаагүй цагт өөрийгөө дутуу ойлгуулж, санаа зовниж, бүр эцэстээ уурлаж бухимддаг. Өөрсдийгөө хэн болохыг, юу хүсэж мөрөөддөгөө, юунд итгэж найддагаа бусдад хэрхэн ойлгомжтой илэрхийлэхээс бидний ажил, амьдралын амжилт шалтгаалдаг. Олон улсын түгшүүртэй хурцадмал байдал, айдас хүйдсээс болоод хүмүүс хоорондоо урьд өмнөхөөс илүү нээлттэй байх шаардлага тулгарч байгаа. Ажил амьдралдаа амжилт олж, өөртөө итгэлтэй болохыг хүсэгчид, мөн өөрийгөө бүрэн илэрхийлэхийг хүсэгчдэд энэхүү ном маань тусална.