Би сэтгэл зовнилын тухай 22 ширхэг ном Нью-Йоркийн нийтийн номын сангийн тавиур дээр “сул зогсолт зарласан” байгааг харсан. Бас дээр нь, би сэтгэл зовнилын талаар чадлаараа хайж, олсныгоо худалдаж авсан боловч тэр дунд насанд хүрэгчдийн хичээлд ашиглаж болохоор юм байсангүй. Тиймээс би өөрөө нэг ном бичихээр зориг шулуудлаа. Энэ номыг бичих гэж өөрийгөө 7 жил бэлджээ. Яаж гэж үү? Сэтгэл зовнилын талаар үг хэлсэн бүхий л цаг үеийн сэтгэгчдийн номыг уншдаг байлаа. Мөн Күнзээс эхлээд Черчл хүртэл бүхий л үеийн суутнуудын намтрыг уншсан. Надад Жак Демпсей, Омар Брадлей генерал, Марк Кларк генерал, Хэнри Форд, Элеанор Рүүзвэлт, Дороти Дикс гээд нэр алдартай олон хүмүүстэй ярилцах завшаан тохиож байв. Гэхдээ энэ бол миний бэлтгэлийн зөвхөн багахан хэсэг. Гэхдээ надад эдгээр намтар, эшлэл, ярилцлагаас илүү өгөөжтэй бас нэг зүйл байлаа. Би сэтгэл зовнилыг ялах лабораторид 5 жил ажилласан байв. Тэр лаборатори бол манай насанд хүрэгчдийн анги байсан юм. Миний мэдэхээр анги маань дэлхий дээрх сэтгэл зовнилын хамгийн анхны, цорын ганц лаборатори байжээ. Энэ бол бидний хийсэн зүйл. Би сурагчдадаа санаа зовохоо болих дүрэм бэлдэж өгнө. Тэгээд дүрмээ өөрсдийн амьдрал дээр мөрдөөд, ямар үр дүн гарч байгааг хичээл дээрээ танилцуулахыг хүснэ. Зарим нь өөрт тохиолдож байсан асуудал, шийдвэрлэсэн аргаа бидэнтэй хуваалцана. Ингэж туршлага хуримтлуулсны дүнд би сэтгэл зовнилыг хэрхэн ялсан тухай сонсож мэдсэн зүйлээрээ бусдаас илүү болсон нь дамжиггүй. Бас нэг зүйл гэвэл би дэлхийн өнцөг булан бүрээс хэрхэн санаа зовохоо больсон тухайгаа бичсэн хэдэн зуун ширхэг мэйл хүлээж авдаг байв. Тэгэхээр энэ ном зүгээр ч нэг чээжний бангаар бичсэн ном биш байх нь. Бас сэтгэл зовнилыг ялах эрдэм шинжилгээний бүтээл ч биш юм. Харин үүний оронд би хэдэн мянган насанд хүрэгчид сэтгэл зовнилыг хэрхэн даван туулсаар байгаа тухай товчхон өгүүлэл бичихээр оролдож байсан юм. Өөрөөр хэлбэл энэ ном бол бодит амьдралыг бичсэн, бодит ном. Энэ номоос та өөрийгөө олж харах вий.